Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний анхдугаар чуулганы зөвлөмж

  • 17/11/2014
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ

Монгол улс байгалийнхаа унаган төрх, шим мандлын тэнцвэрт байдлыг хангах, биологийн төрөл зүйл болон түүх, соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах, урт хугацаанд зөв тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор газар нутгийг улсын тусгай  хамгаалалтад авч, тухайн нутагт байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтыг хангах, хамгаалалтыг бэхжүүлэх асуудалд төрөөс онцлон анхаарч, Тусгай хамгаалалттай газар нутгийг /ТХГН/ тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн түшиц газар болгон хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол улсын ТХГН-ийн сүлжээ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эрчимтэй өргөжин тэлж, нийт газар нутгийн 17,4  хувь буюу 27,2 сая гаруй га талбай бүхий 99 газрыг улсын тусгай хамгаалалтад, аймаг, сум, дүүргийн ИТХ-ийн шийдвэрээр, 52,7 сая га талбай бүхий 1200 гаруй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулаад байна.

ТХГН-ийн хэмжээ өргөжихийн хэрээр менежментийг сайжруулах, хамгааллын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах асуудал хурцаар тавигдаж байна.

ТХГН-ийн санхүүжилт, орлогын эх үүсвэр хууль тогтоомжид бүрхэг тусгагдсан, санхүүжилтийг тухайн газар нутгийн онцлог, байгаль хамгаалал, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийн хүртэж байгаа үр ашигтай уялдуулан зохицуулсан эрх зүйн болон эдийн засгийн механизм сул байгаагаас, ТХГН-ийн санхүүжилт,  хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байна.

ТХГН-ийн менежмент, санхүүжилтийг өнөөгийн зах зээлийн тогтолцоо, олон улсын жишиг, шинэчлэлийн Засгийн газрын бодлогод нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, үр ашгийг мөнгөн илэрхийллээр тооцон, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж буй хувь нэмрийг үнэлж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, менежментэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын менежментийн шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, хамгаалалтын үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харгалзан дараах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийг чуулганаас зөвлөж байна. Үүнд:

  1. Төр, засгийн байгууллагуудад
  •  “ТХГН-ийн тухай” болон “ТХГН-ийн орчны бүсийн тухай” хуулиудыг шинэчлэн батлуулах, түүнд ТХГН-ийн менежмент, санхжүүжилтийг боловсронгуй болгохтой холбоотой дараах саналуудыг тусгах. Үүнд:

-     ТХГН-уудын ангиллыг үл харгалзан улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, менежментийг удирдах зарчим, үүрэг, хариуцлага, шаардлагыг тодорхой тусгах;

-     ТХГН-ийн сүлжээнд орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг /ОНТХГ/ хамруулах, тэдгээрийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхойлох;

-     ТХГН-ийн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр, өөрийн орлого олох ажил, үйлчилгээний нэр төрлүүдийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн тогтоох;

-     Tөсвийн болон хувийн хэвшил, гадаад улс орнууд, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байнгын өсөлтийг хангах, удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх;

  • Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон мэргэшсэн төрийн бус байгууллагад ТХГН-ийн хамгаалалтын менежментийг хэсэгчлэн буюу бүхлээр нь тодорхой нөхцөл, болзлын дагуу хариуцуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • “Төрийн тусгай сангийн тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Төсвийн тухай”, “Аялал жуулчлалын тухай”, “Ашигт малтмалын тухай” хуулиуд, холбогдох эрх зүйн актуудад тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн нөөц ашигласны төлбөр, байгаль орчин, байгалийн нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөр, ус бохирдуулсны төлбөрийн орлогын тодорхой хувийг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны бохирдол, доройтлыг арилгах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэх хуулийн болон шийдвэрийн төслүүдийг боловсруулж батлуулах;
  • ТХГН  тус бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тогтоох, экосистемийн үйлчилгээний үнэ цэнэд үндэслэсэн төсөв санхүүжилтийн хуваарилалтыг бий болгох;
  • ТХГН тус бүрийн төсөв, орон тоог  тухайн нутгийн үнэт зүйлийг хамгаалах шаардлага, зүй зохистой ашиглалтыг хангах зорилгоор боловсруулсан менежментийн төлөвлөгөө болон түүнд  үндэслэсэн бизнес төлөвлөлтийн дагуу тогтоодог зарчим нэвтрүүлэх;
  • ТХГН-т нэвтрэх хураамж, ажил, үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн нутгийн экологи-эдийн засгийн үнэлгээнд нийцүүлэн тогтоож, түүнийг төвлөрүүлэх, бүртгэх, зарцуулах, хянах эрх зүйн актуудыг шинэчлэн батлаж, хэрэгжүүлэх;
  • ТХГН-ийн хамгаалалтад “Хандивын сан”, “Хамтарсан сан”, “Итгэмжлэгдсэн сан”, “Олон улсын сайн дурын хандив”, “Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банкны санхүүжилт”, “Байгаль орчны өрийн солилцоо”, “Өртөг хуваарилах”, “Хүлэмжийн хий худалдаа/Нүүрсхүчлийн хий худалдаа/” зэрэг санхүүжилтийн дэвшилтэт арга механизмыг нутагшуулах, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • ТХГН-ийн зорилго ач холбогдол, үнэ цэнийг олон нийтэд таниулах ухуулга сурталчилааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг нь хангуулах;
  • ТХГН-ийн менежментийг хэсэгчлэн болон бүтнээр нь хариуцах мэргэжлийн болон санхүүгийн чадвархи бүхий ТББ-ыг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих.
  1. ТХГын хамгаалалтын захиргаадад
  • ТХГН  бүр өөрийн үйл ажиллагааны урт болон богино хугацааны зорилтыг тодорхойлсон менежментийн болон бизнес төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх,
  • ТХГН-ийн менежментэд оролцогч талуудад харилцан ашигтай байх нөxцлийг бүрдүүлэх үүднээс төр, хувийн хэвшил, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан “Хамтын менежментийн зөвлөл”-ийг байгуулан үр ашигтай ажиллуулах.
  1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад
  • ОНТХГ-ын менежментийг стандарт шаардлагад нийцүүлэн, тэдгээрийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх төсөв хөрөнгийг төлөвлөн, шаардлагатай журам, эрх зүйн актыг гарган мөрдүүлэх,
  • Байгалийн нөөц ашигласны төлбөр хураамжийн орлогоос тухайн ТХГ-ын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах тухай журмыг мөрдүүлэх;
  • Байгалийн нөөц ашигласны төлбөр хураамжийн орлогын тодорхой хувийг Байгалийн нөөц газар, Байгалийн дурсгалт газар болон ОНТХГ-ын менежментийн санхүүжилтэд зарцуулах журмыг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлаж, мөрдүүлэх;
  • Өөрийн нутаг дахь ТХГ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, санхүүжүүлэх арга замыг тодорхойлсон бизнес төлөвлөгөөг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны баталсан зааврын дагуу боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • ТХГН-ийн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх эдийн засгийн урамшууллын механизмыг бий болгох;
  • Тухайн аймаг, сумын нутагт байгалийн нөөц ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн Байгалийн нөөц газар, Байгалийн дурсгалт газар болон Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежмент, санхүүжилтэд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, урамшуулах  механизмыг бий болгон хэрэгжүүлэх.
  1. Төрийн бус байгууллагуудад
  • ТХГН-ийн хамтын менежментийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, тухайн ТХГ”ын зорилго ач холбогдол, экологи-эдийн засгийн үнэ цэнийг олон нийтэд таниулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • ТХГН-ийн менежментийн тэргүүн туршлагыг сурталчлах, туршлага солилцох, уулзалт, ярилцлага, семинар, зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулах;
  • ТХГН-ийн менежментийг хэсэгчлэн болон бүтнээр нь хариуцах мэргэжлийн аргазүй, чадвар болон санхүүгийн нөхцөл боломжуудаа бэхжүүлж, холбогдох байгууллага, талуудтай үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
  1. Байгалийн нөөц ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудад
  • ТХГН-ийн болон байгалийн нөөцийн хамтын менежментэд тэгш эрхтэйгээр оролцож, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, байгаль хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ ханган биелүүлэх;
  • Тухайн ашиглаж буй газрынхаа байгалийн нөөцийг цогц байдлаар  хариуцан хамгаалж, орон нутгийн иргэдийн байгалийн нөөцийн менежментэд хамтран ажиллах сонирхол, санаачлагыг  дэмжих;
  • Орон нутаг дахь ТХГ-ын хамгаалалтын менежментэд идэвхи, санаачлагатайгаар хамтран ажиллах, түншлэх;
  • ТХГ-ынтодорхой хэсгийн менежментийг тусгай болзол, нөхцлийн дагуу хариуцан, концессийн гэрээ зэрэг бусад боломжит хувилбаруудыг туршин нэвтрүүлэх;
  • Аж ахуйн нэгж байгууллагуудаас орон нутагт дэмжлэг болгон өгч буй хөрөнгийн тодорхой хэсгийг байгаль хамгаалах, улсын болон ОНТХГ-ын хамгаалалтын менежментийг дэмжихэд зарцуулах талаар “Хамтын менежментийн зөвлөл”-өөр дамжуулан шийдвэр гаргах, хяналт тавих
  1. Орон нутгийн иргэдийн нөхөрлөлүүдэд
  • ТХГ-ын менежментэд оролцох, ОНТХГ-ын хамгаалалтын менежментийг хариуцах талаар нөхөрлөлийнхөө бүтэц, зохион байгуулалтыг шаардлагын хэмжээнд сайжруулж, гишүүдээ чадваржуулах арга хэмжээг тодорхой төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, санхүүгийн болон арга зүйн хувьд бие даасан, чадавхитай болох;
  • ТХГ-ын зорилго, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг хамтран зүй зохистой ашиглахын ач холбогдлыг иргэдэд зөв ойлгуулж, нэг нутгийн иргэд, малчдыг өргөнөөр хамруулан, гишүүдийнхээ тэгш оролцоо, идэвх санаачлагыг өрнүүлэх;
  • ТХГ-ын тодорхой хэсгийн менежментийг бие даан болон аж ахуйн нэгжтэй хамтран гэрээгээр хариуцан хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаар орон нутгийн төрийн захиргааны байгууллага, ТХГ-ын хамгаалалтын захиргаа болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллах.
  1. Улс орнууд, олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд
  • ТХГН-гийн тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг дэмжих;
  • ТХГН-ийн хамтын менежментийн үзэл баримтлал, санхүүжилтийн мониторинг үнэлгээний арга зүйг хөгжүүлэхийг  дэмжих;
  • ТХГН-уудын экологи, эдийн засгийн үнэлэмжийг нарийвчлан тооцох арга зүйг боловсруулах, үнэлгээ хийх чадавхийг хөгжүүлэх;
  • Олон улсын туршлага, арга зүй, байгаль, экологид ээлтэй дэвшилтэт технологи, хамтын ажиллагааны арга зүйг нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, энэ чиглэлээр Хамгаалалтын захиргаад, Хамтын менежментийн зөвлөлүүдийг чадавхижуулах, бэхжүүлэх.

Энэхүү зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон бусад холбогдох яам, агентлаг, байгууллагууд анхааралдаа авч,  шуурхай шийдвэрлэнэ гэдэгт Үндэсний чуулганд оролцогчид бид гүнээ итгэж байна.

МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗАР НУТГИЙН

ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

Улаанбаатар хот 

2012.12.19

ХАВСРАЛТ ТАТАЖ АВАХ

  • 17/11/2014
  • 0
  • Байгаль Орчны Аудитын Холбоо Мэргэжлийн ТББ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдлүүд

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Зургийг харж чадахгүй бол энд дарж шинэчилнэ үү.




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
    XIII хороо, Оюутны гудамж 14-3
    МУИС-ийн VII байр, 204 тоот
    "Байгаль Орчны Аудитын Холбоо" Мэргэжлийн ТББ
  • Утас:
    96165230, 91993096
  • Имэйл:
    info@eaamongolia.org

Get in Touch

  • Address:
    Ulaanbaatar city, Sukhbaatar district
    13th khoroo, Student Street 14-3
    7th building of National University of Mongolia, #204
    Environmental Audit Association of Mongolia
  • Phone:
    96165230, 91993096
  • E-mail:
    info@eaamongolia.org